Tuesday, February 09, 2010

Морин Хуур Домборын Хослон Тоглолт

Ноднин жил ноёнтой уусан гээд шартаад явдаг шиг аль ноднин хаврын явдал огт санаанаас гарахгүй бас тэмдэглэж авсан алга дарам цаас хаягдаж өгөхгүй өдий хүрсэн тул арга тасраад түүнийгээ компьютертоо буулгаад навтарсан цаасаа хаяж санаа амарлаа.

Жил бүр Япон орноор айлчилан тоглодог Дундговийн морин хуурч Нэргүй, Баян-Өлгийн домборч Кугершин нарын тоглолт үзлээ.Уг тоглолтын зохион байгуулагч Нишимура гэж хэлэмгий эр японы үзэгчдэд монгол, казакын хөгжмийн зэмсэг, ая дууны агуулга түүхийг танилцуулж байв. Сохорсон биш завшив гэгчээр Японд ирсэн биш Монголыхоо талаар “сайн” тайлбарлуулаад нутагтаа сонсдоггүй сайхан хөгжим сонсоод авлаа. Түүний танилцуулгаас өөрт сонирхолтой санагдсан хэдэн зүйлийг та бүгдэд дуулгая.

Казакын соёл
Казакууд оёмол хатгамал сайтай, хар цагаан хосолсон хувцас голдуутай, социализмын үед монголчуудыг бодвол соёлоо илүү хадгалж үлдсэн. 1850 онд Алтайн нурууны цаадах үржил шимт газар нутгаас шахагдан нүүж ирэх үеийн үдэгсдийн дуу, 1990 онд Казакстан явсан хүмүүст зориулсан үдэгсдийн дууг сонслоо. Жирийн хүмүүс ч гэсэн дууг шууд зохиож дуулдаг уламжлал нь одоо ч байдаг харин ойрын үед эртний сайхан дуунууд их мартагдаж байна гэнэ.

Монголчууд болон хөгжим
Монголчууд түүн дотроо говийхон нүүр царай нь хоорондоо их төстэй. Хөдөөний малчин айлд очиход сайхан зочломтгой бас зочноос шинэ мэдээлэл хүлээж байдаг . Аль болох шинэ мэдээлэл өгөх, ядаж хүүхэдтэй тоглож өгвөл, тэр хүмүүст сайхан дурсамж үлддэг. 1970-д оноос морин хуур одоогийнх шиг хэлбэрээ олж, гадаад дүрс нь илүү сайжиржээ. Жонон хар 32 аятай гэгддэг. Хөгжимчин бүр өөр өөрийн хувилбартай байдаг(ардын урлаг тул ийм ч байх ёстой биз).

Аялалын зохион байгуулсан Нишимура сайхан монгол хэлтэй, монгол орны талаарх япончуудад зориулсан website ажиллуулдаг залуу юм. Монголын угсаатны зүйн чиглэлээр судалгаа хийж байгаад монголын соёлын сурталчилгаа болон монгол японыг холбосон олон ажил хийдэг болжээ.Нэргүй гуай бол нутагтаа нэртэй хөгжимчин бөгөөд сум, аймгийнхаа олон ч концерт-д оролцож явсан ажээ. Түүний "Шинэ жил" гэдэг аяны тоглох арга барил нь морин хуурийн техникт таарахгүй гэгдээд социализмын үед мэргэжлийн хүмүүсийн хорисоор байхад тайзан дээр тоглоод бангадуулж байжээ.Хамгийн дуртай оригнал тэр аяалгууг нь сонсоход товшилт оруулаад л хөгжим мэдэхгүй хүнд бол сонин сэргэг ая байлаа. Кугершин гуай нутагтаа эмчээр ажилладаг, бие дааж домбор сурсан хүн юм. Энд тоглолт хийгээд буцах бүрдээ япон орны сонин сайхныг орон нутгийхаа телевизээр хуучилдаг гэнэ.

Ийм нэг авсаархан чадалтай гурвал Монгол орныг сурталчилаад (Монголын соёлын яамны ажлаас нуглалцаад) Япон орныг тойрч байхыг харлаа.Тоглолтын оргил үе юу байсныг сонирхож байна уу мэдээж морин хуур, домборын хослон тоглолт байв. Адилхан нүүдэлчид, адилхан их гүрнүүдийн эрхшээлд автаж дарлагдаж явсан казахуудтай соёл, түүхийн талаар нийтлэг юм бидэнд санаснаас олон байдаг ажээ. Биднийг мэдээж тоохгүй тэгээд ч тэс өөр түүх, соёлтой том орнууд руу хөлөө хугалан байж гүйж очоод гологдож байхаар ойролцоох улсуудтайгаа улам сайн ойлголцож, бие биеэ дэмжих цаг болсон санагдав. Үүнийг бичиж суухад нэг гадгаад эрдэмтэн манай эх оронд ирээд ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрыг маань зэрэгцүүлж суулгаж байгаад эдийн засгийн хичээл зааж байв. Үүнийг бичиж суухад манай монгол, казак малчид тооноороо гарч цасанд дарагдсан малаа ухаж гарган зудтай ач тач үзэж байв.